Компьютерийн сүлжээ гэж юу вэ?
Компьютерийн сүлжээний
хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ.
1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан боловсруулдаг “эртний” компьютерүүд
ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ үед дэлхий дээрх нийт компьютерүүд хэдхэн арваар
тоологдохоор тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох гайхамшигт
санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. 1960-аад онд компьютерүүдийг mainframe
гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн.
1970-аад онд компьютерийн оврын хэмжээ эрс жижгэрч, мөн томхон байгууллага,
пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн mainframe компьютер дээрээ
мэдээллийн сан (database) үүсгэж, уг сүлжээнд байгаа бусад компьютерүүд нь энэ
мэдээллийн санд холбогдож мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл
1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний
компьютерүүд гарч ирж, эхэндээ сүлжээнд холболгүй ашигладаг байснаа удалгүй
хооронд нь юм уу майнфрэймд холбож сүлжээ үүсгэж эхэлсэн байна.
Микрокомпьютерүүд дэлхий даяар хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг
түшиглэсэн client-server бүтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн байна. Тэгвэл
өнөөг хүртэл компьютерийн сүлжээ асар хурдацтай хөгжиж мэдээлэл технологийн
дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа
холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршилсан мэдээллийн
хөдөлгөгч хүч нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээний хөгжлийн нэг
жишээ бол мэдээж интернет юм. Компьютерийн сүлжээ нь өнөөгийн нийгмийн
чухал хэрэгцээний нэг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч компьютертэй салшгүй
холбоотой. Мөн даяаршилсан нийгмийн гол мөн чанар, дэлхий нийтийн улс гүрэн,
хүн төрөлхтний хоорондын харилцаа холбоо, мэдээллийн процессын автоматжуулалтын
хамгийн гол гүүр нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээ гэдэг нь хэд
хэдэн компьютер хоорондоо холбогдон мэдээлэл болон эх сурвалжууд, нэмэлт
төхөөөрөмжүүдийг хамтран ашиглах боломжоор хангагдахыг хэлнэ. Сүлжээний
хэрэглэгчид нь файл, принтер, бусад зүйлээ хамтарч хэрэглэж болохоос гадна
цахилгаан мэдээ илгээж, өөр компьютераас програмаа ажиллуулж болно.
Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн
тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах,
хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид
олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохын тулд тэдгээрийн холболтын
техник хангамжийн болон програм хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.
Энд физик холболт хийх болон тэдгээрийг програм хангамжаар холбох олон
боломжууд бий. Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернет юм. Интернетийн
сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах
боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод
сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй.
Сүлжээний өөр нэг жишээ бол нисэх онгоцны буудал, мөн супермаркетууд дахь
төлбөрөө хийдэг касс, дэлгүүрийн дотоод сүлжээнд холбогдсоноор барааны үнийн
мэдээллийн бааз руу хандан аль бараа ямар үнэтэйг харах боломжтой байдаг.
Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин
ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet
гэж нэрлэдэг байна. Харин сүлжээнд холбогдоогүй, дангаараа ажилладаг
компьютерийг Standalone computer гэнэ. Сүлжээний үнэт зүйлсэд
дараах боломжуудыг тооцдог.
1. Мэдээллийг хамтран
хуваалцахыг зөвшөөрсөн бүлэг (group) үүсгэж болдог. Энд
мэдээллийг хамтран хуваалцахдаа мэдээллээ тусгай аргаар оруулж өгдөг. Олон
хэрэглэгчтэй сүлжээнд тусгай нууц үгээр хандах эрхтэй болгож болно.
2. Мэдээллийг хамтран
хуваалцах (sharing) нь мессеж, баримт бичиг болон файлуудыг
хэрэглэгчдийн хооронд дамжуулж чаддаг.
3. Төхөөрөмжүүдийг хамтран
ашиглах (device sharing) нь бүлгийн хэрэглэгчдэд хэвлэгч
(printer), факсын машин (fax machine), дүрс оруулагч (scanner) болон бусад олон
нэмэлт төхөөрөмжүүдийг сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс ашиглах боломж
олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохдоо кабель утасны аль нэг төрлийг
ашиглан холбодог. Сүлжээ нь сүлжээний програм хангамж, сүлжээний техник
хангамж, ажиллуулах програм гэсэн 3 хэсгээс тогтоно.
Сүлжээний техник
хангамжийн орчин. Сүлжээний техник хангамж нь компьютерүүд хоорондоо
холбогдоход зориулсан физик компонентууд юм. Сүлжээний адаптер, сүлжээний
кабель, hub, repeater, switch, router, brouter, модем, repeater, bridge,
wireless гэх мэт физик төхөөрөмжүүдээс гадна кабель утсанд холбодог толгой буюу
connector, transceiver, vampire tape, сүлжээний бахь, сүлжээний хэвийн
ажиллагааг шалгадаг тестер гэх зэргийг мөн авч үзнэ. Зарим төхөөрөмжүүдийг
сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг.
Сүлжээний програм
хангамжийн орчин гэдэгт сүлжээний компьюте- рүүдийг бусад
компьютерүүдтэй нь холбох интерфейс болж байдаг сүлжээний үйлдлийн систем,
сүлжээний протокол зэргийг ойлгоно.
Ажиллуулах програм нь сүлжээний хэрэглэгчийн интерфэйс, мэдээлэл, файл, график, видео,
принтер ба дискийн хэрэглэлтийн зөвшөөрөл тогтоох програмаас тогтоно. Үүний нэг
жишээ нь client-server юм.